Home » Сэрэмжлүүлэг » Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний тухай сэрэмжлүүлэг

Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний тухай сэрэмжлүүлэг

Өнөөгийн байдлаар мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал амьтан өвчилдөг 300 гаруй халдварт өвчин бүртгэгдсэн бөгөөд 150 гаруй өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчин юм. Мал, амьтнаас халдварт өвчин хүнд халдварлахдаа өвчтэй мал, үхсэн малын сэг зэм, төрөл бүрийн түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжина. Харин өвчтэй хүн малд халдвар тараах нь ховор тохиолдоно. Халдварт өвчнөөр өвчлөөд эдгэрсэн боловч өвчний үүсгэгч тээгчдийн сүү халдвар дамжуулж болно. Жишээ нь сүрьеэ, шүлхий , бруцеллёз, стрептококкийн халдвар, гэдэсний халдварт өвчин, цусан суулга, иж балнад зэрэг өвчний үүсгэгч өвчтэй малын сүүгээр ялгаран гардаг болох нь тогтоогдсон байна. Сүүн бүтээгдэхүүн боловсруулах / цөцгийн тос, бяслаг/ дамжлагын явцад бруцеллёз, сүрьеэ өвчний үүсгэгч үхдэггүй байна. Хүн өөрийн олон талын үйл ажиллагаагаараа малын халдварт өвчнийг мал сүргийн дотор тархан дэлгэрэхэд их рольтой боловч өвчний эх булаг болох нь тун ховор. Өвчтэй хүн удаан хугацаагаар мал маллаж, саах, тэжээх зэргээр малтай тун ойрхон байснаас хүний сүрьеэ үхэр, гахай, муур нохойнд халдаж болдог байна.
Сүрьеэ өвчин: Уг өвчнөөр таван хошуу мал, гахай, тэжээвэр шувуу, хүн өвчилнө. Үүсгэгч нь микобактерийн төрөлд багтдаг бактер бөгөөд үүсгэгчийн хүрээгээр нь хүний, үхрийн, шувууны, хулганы гэж ангилна. Сүрьеэ тархан дамжих зам нь өвчтэй мал амьтад юм. Эдгээр амьтад сүреэгийн савханцаруудыг шүлс, баас, нус, мах, сүүн бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуураараа гадна орчныг бохирдуулдаг байна. Эдгээрээс хамгийн аюултай нь үхрийн баас юм. Мөн өвчтэй хүн, малын амьсгалын замаар дамжин халдварлах аюултай. Хүн сүрьеэ өвчнөөр өвчтэй малын махыг дутуу чанаж түүхий хэрэглэх зэргээс гадна түүхий эдийн боловсруулах үйлдвэр, арьс ширтэй байнга харьцдаг хүмүүс хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэглэдэггүйгээс амархан халдварладаг байна. Сүрьеэтэй малын шинж тэмдэг харилцан адилгүй байдгаас уг өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэгээр оношлох боломж муу. Сүрьеэ өвчнөөр хүн өвчилсөн тохиолдолд биеийн байдал илт доройтож, толгой эргэх , хоол унданд дургүй болох, ууц, нуруу шархирч өвдөх, ажлын чадвараа алдан хэвтэрт орох зэрэг шинж тэмдэг илэрнэ. МАА-н үйлдвэрлэл, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, хүлээн авах, боловсруулах үйлдвэрийн цэг салбарт ажилладаг хүмүүс эрүүл мэндээ сахин хамгаалах нь урьдчилан сэргийлэх гол арга юм.

МАЛ, АМЬТАН, ХОРИО ЦЭЭР, ЧАНАРЫН
ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б. АЛТАНЗУЛ

Leave a comment