Home » Онцлох мэдээ » Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан тухай танилцуулга

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан тухай танилцуулга

НМХГ-ын дэд даргын баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах тухай” удирдамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх МХХ-ээс Сургалт хүмүүжлийн байгууллага, цэцэрлэг, хангамж үйлчилгээний газруудад хийгдсэн их болон урсгал засварын ажлын явц, үр дүн, зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эдэлбэр газрын тохижилт зэрэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Өсвөр -Үе, Хүнс” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн 29 цэцэрлэг, ерөнхий боловсролын 19 сургууль тус тус хамрагдлаа.
2011-2012 оны хичээлийн шинэ жилийг угтаж сургалт хүмүүжлийн байгууллагуудад хичээлийн байрны өргөтгөл, шинэ байр болон биеийн тамирын зааланд зориулж улсын төсвөөс 4 тэрбум 415.0 сая, ОУБ-ын тусламжаар 9 тэрбум 270.0 сая төгрөгийн, БСШУЯ-ны сайдын багцаас 300.0 сая, нийт 13 тэрбум 985.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Их засвар үйлчилгээнд улсын төсвөөс 260.0 сая, дүүрэг орон нутгийн төсвөөс 232.0 сая, УИХ-ын гишүүний багцаас 14.0 сая, нийт 506.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тухайлбал:
Япон улсын “Жайка” ОУБ-ын 6.0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар “Амгалан” цогцолбор, Хужирбулангийн сургуульд тус бүр 480 хүүхдийн хүчин чадалтай, 79, “Шавь цогцолбор” сургуульд тус бүр 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл, 800.0 сая төгрөгөөр 92, 14 дүгээр сургуулиудад биеийн тамирын заал барьж байгуулсан байна.
“Хабитат” төслийн хүрээнд 3 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 320.0 сая, 79 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд 300.0 сая, нийт 620.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болсон байна.
Дүүргийн 9, 13, 19, 22 дугаар хороодод цэцэрлэг, 92 дугаар сургуулийн барилга байгууламжид улсын төсвөөс 4 тэрбум 415.0 сая төгрөгийг зарцуулсан байна.
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 4 буюу 21% /21, 88, 92, “Шавь”-өмнөх жилтэй харьцуулахад 2.75 дахин буурсан./, цэцэрлэгүүдийн 4 буюу 13.7% нь /10, 21, 52, 146-өмнөх жилтэй харьцуулахад 1.9 дахин буурсан./ дулааны шугам, засвар үйлчилгээ дутуу байгаа бөгөөд дулааны шугам нь өвөл хөлддөг, дулааны шугамын хаалт, радиаторууд солигдохоор болсон, анги танхим, биеийн тамирын зааланд халаалтын секц нэмж байрлуулах шаардлагатай байна.
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 3 буюу 15.8% /55, “Баянзүрх”, өмнөх жилтэй харьцуулахад 5.2%-иар багассан./ цэцэрлэгүүдийн 3 буюу 10.3% нь /өмнөх жилтэй харьцуулахад 3.4%-иар багассан./ цахилгааны монтаж ил, шугам, сүлжээний гэмтэл ихтэй, асуудлаа бүрэн шийдвэрлэж чадаагүй байна.
Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 6 буюу 31.5% / 21, 44, 55, 85, 87, 88 /, цэцэрлэгүүдийн 5 буюу 17.2% / 3, 6, 22, 59, 115 / нь сантехник муу, сангийн шугам хоолой цоорох эрсдэлтэй байна. 21 дүгээр сургуулийн хувьд засварын тендер орой задарч, засварын ажил шалгалтын явцад ажлын гйүцэтгэл 30% байлаа.
Шинээр ашиглалтанд оруулах гэж байгаа 167, 169 дүгээр цэцэрлэгүүдийн гадна цахилгааны холболт шийдвэрлэгдээгүй /хаанаас холбох нь тодорхойгүй /, халаалтын зуух галлах, ус шахаж шалгах зэрэг ажлууд хийгдээгүйгээс ашиглалтанд өгөх боломжгүй байна.
Шалгалтын ололттой тал
Халаалт болон цэвэр бохир усны хэсгийн холболттой сургууль, цэцэрлэгүүдийн хувьд халаалтын шугам, сүлжээг засварлаагүй, уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж чадаагүй харин 3 дугаар цэцэрлэг уурын зуухны тогоог шинээр сольсон, 62 дугаар цэцэрлэг бохир соруулах нэг худгийг өөрсдийн хүчээр нэмж гаргасан, 21 дүгээр сургуулийн хувьд 20 тн багтаамж бүхий бохирын шинэ ёмкосьт суурилуулсан;
“Амгалан” цогцолбор, 87 дугаар сургуулиуд өмнөх шалгалтаар өгсөн үүргийн дагуу цайны газраа өөрсдийн боломжинд тулгуурлан өргөтгөн засварлаж, шаардлагатай өрөө тасалгаануудыг нэмж гаргасан;
53 дугаар сургууль нь сургалтын орчинг сайжруулах зорилгоор БЗД-ийн төсвөөр 60х30 хэмжээтэй хөл бөмбөгийн талбайтай болсон;
167 дугаар цэцэрлэгийн барилгад гүйцэтгэгч байгууллага нь өөрийн санаачлагаар 100 метр үерийн хамгаалалтын суваг хийж өгсөн;
Япон улсын “Жайка” ОУБ-ын буцалтгүй тусламжаар “Шавь” цогцолбор, 79 дүгээр сургуулиудад орчин үеийн сургалтын жишигт нийцсэн, сургалтын орчинг бүрдүүлсэн өргөтгөлийн барилга байгууламж баригдсан зэрэг ололттой талууд байна.

/”Шавь” цогцолбор сургуулийн номын сан, 6 настай бэлтгэл анги/
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал
Шинээр баригдаж ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийн / 167, 168, 169, 172 / гадна зам талбайн тохижилт хийгдээгүй, гал тогооны өрөөний технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, зай талбай бага, шаардлагатай өрөө тасалгаанууд хүрэлцээгүй, хүнсний барааны болон бусад агуулахгүй зэрэг зөрчлүүд нь Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 9.1.1 дэх /Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх/, халаалт, цахилгаан, цэвэр ус, холбоо зэрэг шугам сүлжээний ажил хийгдээгүй, зарим шугам сүлжээний холболтын эх үүсвэр шийдэгдээгүй байгаа нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх /Хөрөнгө оруулагч, захиалагч нь… техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах../, “Ариун цэврийн тухай” хуулийн 9.1 дэх / Үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтын орчин түүний тоноглол, байгууламж, хэрэгсэл нь ажиллагч, хэрэглэгч, суралцагчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт сөрөг нөлөөлөхгүй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, төлөвлөлтийн хэм хэмжээнд тохирсон байна. / гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН
ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Т.АЗЖАРГАЛ

Leave a comment